“FORMULA 1”-ИЙН ТАМИРЧИН БРАЗИЛЫН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЛОО
Бразил улсын парламентын доод танхимаас “Formula 1”-ийн тамирчин Льюс Хамилтонг Бразилын хүндэт иргэн болсныг зарлалаа. “Formula 1”-ийн дэлхийн 7 удаагийн аваргын хувьд тус улсад элэгтэй гэдгээ удаа дараа хэлж байсан юм. Жил бүр зохиогддог “Formula 1”-ийн Бразил дахь гараанд өндөр амжилт үзүүлсээр ирсэн Их Британи залуу 2016, 2018, 2021 онд 3 удаа түрүүлсэн амжилттай билээ. Бразилын хамгийн алдартай “Formula 1”-ийн тамирчин асан Айяртон Сеннаг шүтдэг 37 настай Хамилтон баярын сэтгэгдлээ 28.4 сая дагагчтай инстаграм хуудсандаа хуваалцсан байна. “Үнэхээр сайхан өдөр болж байна. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй юм. Бразил бол миний хамгийн очих дуртай улсуудын нэг. Бразилын ард түмэндээ үнэхээр их баярлалаа. Тун удахгүй та бүхэнтэй уулзана гэж найдаж байна” гэж бичжээ. Хамгийн анх ардчилсан хөдөлмөрийн намын гишүүн Андре Фигүйрэйдо энэ саналыг парламентад хэлэлцүүлж олонхын саналаар дэмжжээ.