ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГҮҮД
Дундад Азид анх удаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.
Катарын зуны аагим халуунд хөлбөмбөгийн тэмцээн болоход тохиромжгүй учраас өвлийн улиралд зохиохоор тогтсон юм. Мөн хөлбөмбөгийн спортын дэд бүтэц Европ, өмнөд Америкийн улсуудтай харьцуулбал дутмаг учраас ямар цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглолтууд болох вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байлаа. Нийт 8 цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хүлээж авахаар болжээ.
Ингэснээр 1978 оны Аргентины дэлхийн аваргаас хойших хамгийн цөөн цэнгэлдэх хүрээлэнтэй тэмцээн болж түүхэнд үлдэнэ. Тухайн үед 16 улсын шигшээ өрсөлдөж байсан бол Катарын дэлхийн аваргад 32 улсын шигшээ баг өрсөлдөнө. Найман цэнгэлдэх хүрээлэн маш ойрхон зайтай байрладаг учраас нэг өдөр гурван тоглолт үзэх ч боломжтой. Жишээ нь: хамгийн хол хоёр цэнгэлдэх 55 километрийн зайтай байрлаж байна. Мэдээж тээвэр, зочид буудлын асуудлыг бүрэн шийдсэн учраас зохион байгуулагчдын хувьд дэлхийн аваргын үеэр 1.5 сая жуулчин эх орондоо авчрах зорилготой байна. Цэнгэлдэх хүрээлэнгүүдээс дурдвал хамгийн том нь 80,000 суудалтай “Лусайл” цэнгэлдэх хүрээлэн юм. Доха хотын төвөөс 16 километрийн зайд байрлах “Лусайл” цэнгэлдэхэд хэсгийн шатны 6, хасагдах шатны 4 нийт 10 тоглолт хуваарьтай байна. Эдгээрээс онцлох тоглолт нь дэлхийн аваргын шигшээ байх бололтой. Өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад орсон цэнгэлдэх хүрээлэнг дэлхийн аваргын дараа ашиглалтаас гаргахаар төлөвлөсөн бөгөөд суудлуудыг нь буурай орнуудад хандивлахаар төлөвлөж байна.